НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, барилга байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нэг жилийн дараа Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. COP17 бага хурал нь 2015 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас агуулга, цар хүрээний хувьд хэд дахин том арга хэмжээ. Дэлхийн 197 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна дунджаар 8000 орчим төлөөлөгч ирнэ. COP17 бага хурал нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлж, тус бүс нутгуудад хөрөнгө босгох, бодлогын санаачилга танилцуулж, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам барих, автомашины зогсоолууд байгуулах, цэвэр, бохир усны шугам татах, шилэн кабель, холбоо дохиоллыг барьж байгуулах зэрэг ажил хийнэ. Үүнээс гадна 5000 хүн нэг дор хуралдах конвейшн центрийг НҮБ-ын стандартад нийцүүлэн барих шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнөх хурлуудыг дандаа эдийн засгийн өндөр чадавхтай улсууд зохион байгуулж байсан. Бидний хувьд их том сорилт. Бид НҮБ-ын стандартад нийцүүлж тус хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.