НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Энэхүү дэлхий нийтийн томоохон арга хэмжээ нь Евроазийн эх газрыг дамнан аялсан “Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөллийг угтан авснаар нээлтээ хийсэн нь энэ удаагийн хурлын гол бэлгэдэл болов.


“Торгоны замын жингийн цуваа”-ны тухай: Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ болон Монгол гэсэн 7 улсыг холбон нийт 6,000 орчим км замыг туулсан тус цуваа нь манай улсад 1,700 км замыг амжилттай туулж ийнхүү өндөрлөж байна.


Олон улсын төлөөлөгчид Дундговь, Төв, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар аялах явцдаа дараах туршлага, өв соёлтой биечлэн танилцжээ:

  • Говийн экосистемд дасан зохицох уламжлалт арга ухаан;
  • Тахь сэргээн нутагшуулах бодит туршлага;
  • Малчдын хамтын бэлчээрийн менежмент;
  • Орхоны хөндийн түүх, соёлын өв

Энэхүү аяллын зорилго нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын сайн туршлагыг хуваалцахын зэрэгцээ Монголын нүүдлийн мал аж ахуйн соёлын өвийг олон улсад сурталчлах, малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэхэд оршиж байлаа.

Малчдын тунхаглалыг өргөн барив

Хурлын нээлтийн үеэр “Торгоны замын жингийн цуваа” болон Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн (IYRP) төлөөлөгчид Малчдын ерөнхий тунхаглал болон Эмэгтэй, Залуу малчдын тунхаглал-ыг COP17-ийн нэгдсэн хуралдааны танхимд албан ёсоор өргөн барилаа.