Улаанбаатар хот — Монголчуудын уламжлалт зоог болох хорхгийг 333 тогооч нэгэн зэрэг 1000 тогоонд хийж, “Guinness World Records”-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд амжилттай болж өнгөрлөө.

Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан уг үйл ажиллагаа нь нүүдэлчин ахуй, үндэсний хоолны соёлыг олон улсад сурталчлах зорилгын хүрээнд явагдав.

Хорхог нь монголчуудын зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, нүүдэлчин ахуйн илэрхийлэл бөгөөд энэхүү уламжлалыг олон улсад таниулах нь гастроном аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Арга хэмжээний үеэр “Guinness World Records”-ийн олон улсын шүүгчид зохион байгуулалтад стандартын дагуу хяналт тавин ажилласан бөгөөд дэлхийн дээд амжилтын бүртгэлийг шүүгчдийн эцсийн дүгнэлт гарсны дараа албан ёсоор баталгаажуулж, олон нийтэд зарлах юм.