Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс тухайн компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх гэсэн боловч компани дээрээ байсангүй.