НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) “Газар ба ард түмний өдөр”-ийн хүрээнд “Залуучууд, газар шороо ба амьжиргаа” сэдэвт өндөр түвшний хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Action Dome-д зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцож, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн албан ёсны үг хэллээ.
Сайд хэлсэн үгэндээ дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж буйг сануулаад, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийг хамгаалах нь нүүдлийн соёл, малчдын амьжиргааны гол үндэс болохыг онцлов. Монгол Улсын хүн амын 28.6 хувийг эзэлж буй залуучуудыг, тэр дундаа залуу малчдыг газрын доройтлын эсрэг бодлого, дижитал технологи, ногоон ажлын байртай уялдуулан хөгжүүлэх гурван үндсэн чиглэлийг танилцуулсан юм.