АН: Х.Нямбаатар Д.Сумъяабазарын "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон

АН: Х.Нямбаатар Д.Сумъяабазарын "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон

Ногоон автобусны худалдан авалтын талаар өнөөдөр /2023.11.08/ АН-ын гишүүд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:

-Бидэнд ногоон автобусны талаар хагас дутуу мэдээлэл өгсөн. Шууд худалдан авалт хийсэн нь хулгайн гэрээ байж болзошгүй гэж үзсэн. Та бүхний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн төсөв батлахдаа УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар 317 тэрбум орчим төгрөгөөр нийт 816 автобус авна гэж тусгасан. Үүнд, 606 дизель автобус, 50 дунд оврын автобус, 160 цахилгаан автобус, 41 ширхэг цахилгаан автобусны цэнэглэгч авна гэсэн байгаа. Гэтэл нэг сарын дараа 2023 оны хоёрдугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр тэрбум төгрөгийн зургаан автобус хасагдаж, 810 ширхэг автобус болсон. Бараа бүтээгдэхүүний тоо, гэрээний үнийн дүн өөрчлөгдөх ёстой ч 317 тэрбум төгрөг хэвээрээ үлдэж, батлагдсан. Анхны урьдчилгаа төлбөрийг хотын дарга асан Д.Сумъяабазар 82 тэрбумыг олгооч гэсэн хүсэлтийг Сангийн яаманд тавьсан байна.

2023 оны нэгдүгээр сарын 27-нд "Тэнүүн-Огоо" компанид давуу байдал бий болгож, 318 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтын гэрээг байгуулсан. Нийт таван удаагийн санхүүжилтийн эрх хүссэн хүсэлтийг Сангийн яаманд тавьжээ. Хоёр дахь удаад 12.5, гурав дахь удаад 17 тэрбум, дөрөв дэх удаад 11, хамгийн сүүлд 12.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

Нийт мөнгөн дүнг "Тэнүүн-Огоо" компанид 100 хувь 134.5 тэрбум төгрөгийг Д.Сумьяабазар шилжүүлж, нийт гүйцэтгэлийн хэмжээ 42 хувь байна гэсэн үг. Энэ мөнгийг хүлээн авсан компани нийслэлийн Нийтийн тээврийн газарт дизель 20 ширхэг, 55 цахилгаан том оврын автобус, 50 дунд оврын автобус, 10 цахилгаан автобусны цэнэглэгч хүлээн авсан. Нийт 53 орчим тэрбум төгрөг буюу 16 хувийн нийлүүлэлтийг хүлээн авсан. Гэтэл 318 тэрбум төгрөгийн 82 тэрбум төгрөг тэр чигээрээ дутсан. Эхний зургаан сард нэг ширхэг ч автобус нийлүүлээгүй байж урьдчилгаа мөнгө санхүүжилтээ авсаар байсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэн өгч, Х.Нямбаатарыг шинээр томилсон. Гэтэл 2023 оны аравдугаар сарын 18-нд эхний А/1223 тоот захирамжаа гаргаж, зөрүүтэй 82 тэрбум төгрөгийг эхний гэрээг 100 хувь гүйцэтгэсэн гэж хаасан. Төсөв өөрөө хууль. Тэр хуулийг хэн нэгэн албан тушаалтан захирамж гаргаж хаах эрхгүй байдаг. Гэтэл Х.Нямбаатар Д.Сумъяабазарын ногоон автобусны "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон" гэв.

Ажлын хэсгийн илрүүлсэн зөрчлүүдийг нэрлэвэл,

  • Хууль зөрчин шууд гэрээ байгуулсан байж болзошгүй
  • Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа автобусны тоо багассан боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй
  • Цахилгаан автобуснууд техникийн шаардлагын найман заалтыг хангаагүй боловч хүлээн авсан
  • "Тэнүүн-Огоо" компанид хийсэн ажлаас нь 81.7 тэрбумын илүү мөнгө шилжүүлсэн
  • 100 хуучин автобус нийлүүлсэн
  • Зургадугаар сард орж ирсэн 20 ширхэг дизель автобус мөн техникийн найман шаардлагыг хангаагүй ч мөнгийг нь шилжүүлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0