“Монголын их хатад” бүжгэн туульс дахин тайзнаа амилна

"Монголын их хатад" бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд домог болсон 9 хатны түүхэн гавьяаг тод томруун толилуулсан бүтээл юм. Анх 2013 онд тайзнаа бүтээгдэж байсан уг бүтээл өдгөө 10 дахь жилийн ойтойгоо золгож байна. 

Уг бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьснаар онцлог бүтээл болсон. Мөн "Монголын их хатад" бүжгэн жүжгийн түүхэн дүрүүдийг авьяас төгөлдөр гоо үзэсгэлэнт гоцлол бүжигчид бүтээн туурвиж, төрүүлэн гаргасан юм.

10 жилийн ойтойгоо золгож буй алдарт бүтээл нь:

  • Монголчуудын бахархалт дээд өрлөг эх Гоо Марал
  • Алтан сургаалаараа домог болсон Алунгоо эх
  • Тэмүүжин-Чингисийн эх, "Төрийн хатан эх" өргөмжит Өэлүн хатан
  • Чингис хааны их хатан, "Богдын түшээ, гэгээн ивээлт хатан" цолыг ач хүү Хубилайгаар нэхэн шагнуулсан Бөртэ хатан
  • Өгэдэй хааны хатан бөгөөд хааныг насан өөд болсны дараа Төрийг барьж байсан хатан Дөргөнэ буюу Туркана хатан 
  • Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан, Чингис хааны зарлигаар "Төрийн бөө, цэцэн хатан"-аар өргөмжлөгдсөн Сорхугтани хатан
  • Хубилай хааны хатан, ач хүү Өлзийт Төмөр хаанаас "Гэгээн ухаант зохист хатан эх"-ээр өргөмжлөгдсөн Чимбай буюу Чаби хатан
  • Алтан ургийн төлөө Боржигон удмын Баянмөнх жононг аварсан их гавьяатан Самар хатан
  • Монгол төрийг дөчин жил нэгтгэн захирсан сэцэн билигт Мандухай хатан гэсэн есөн гол дүртэй.

Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө түүхийн тавцанд үлдээсэн гавъяагаараа алдаршсан гайхамшигт хатдын түүхийг үндэсний урлаг, ялангуяа бүжгийн хэлээр үзүүлж буйгаараа олноос өндөр үнэлгээ авсан уг бүжгэн жүжгийг ирэх сард тайзнаа тоглуулахаар болжээ.

Тоглолт 2023 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа болно. 

Уран бүтээлчид:

Гоо марал – Б.Болор

Алунгоо – М.Энхбүрэн СТА

Өэлүн – О.Жавзан СТА

Бөртэ – П.Мөнхцацрал СТА

Дөргэнэ – Э.Номин СТА

Чимбай – Б.Мөнхжингоо

Сорхагтани – М.Бямбаа СТА

Самар – Ш.Батгэрэл СТА

Мандухай – Ж.Мандухай ГЖ

АЖ,ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга

АЖ, ХБ, ТШ, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид

Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр

 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
1