Хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэхийг чухалчлав

Хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэхийг чухалчлав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ хамтран зохион байгуулсан  “Хүүхдийн оролцооны үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордноо боллоо. 

Энэхүү чуулганд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 700 гаруй сурагч оролцов. Оролцогч хүүхдүүд төрөөс хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанаас гадна хүүхдийн оролцох, хөгжих эрхийг дэмжих чиглэлээр бодлого, шийдвэр гаргахад өөрсдийн байгуулсан оролцооны байгууллагуудаараа дамжуулан тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Үүний үр дүнд цаашид хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоо санал санаачилгад тулгуурлан гаргадаг байх, хүүхдийн оролцооны удирдлагын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлагыг түгээхээс гадна чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгыг бүх түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах явдал гэж чуулганыг зохион байгуулагчид онцолж байв.

ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа “Хүүхэд хамгааллын хуулийг манай улс 2016 онд баталсан. Хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулж эхэлсэнээс хойш нийтдээ 1.3 сая дуудлагыг хүлээн авсан байна. Энэ нь жилд 130-150 мянган дуудлагыг хүлээн авсан гэсэн үг. Үүний 60-70 хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг зөрчсөн гэх дуудлага эзэлж байгаа юм. Дараагийн нэг дуудлага бол сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчсөн гэх дуудлага эзэлж буй. Түүнчлэн түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 2018 оноос хойш нийтдээ 18 мянга хүүхдийг хамгаалан байрлуулсан байна. Үүний 70 хувь нь гэр бүлийнхний хүчирхийлэлд өртсөн байдаг. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хүүхдийн оролцооны байгууллагуудтай хамтарч “Найз байя” аяныг зохион байгуулсан нь амжилттай болж өндөрлөсөн.

Өнөөдрийн арга хэмжээ бол хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ байгууллагуудтай хамтарч, улсын хэмжээний 330 сум, нийслэлийн 220 хорооны хүүхдүүдийн төлөөллийг оролцуулж, хүүхдийн эрүүл аюулгүй өсөж хөгжих, сурч боловсроход тулгамдаж байгаа асуудал юу байна вэ, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт ямар санал хүсэлт хүргүүлэх вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэсэн асуудлуудыг хөндлөө. Нөгөө талаар үе тэнгийнхэн, эцэг эх, нийгэмдээ чиглэсэн хүүхдийн эрхийг хангах, тэдэнд ээлтэй аюулгүй дэд бүтэц, орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уриалга зөвлөмжийг хүүхдүүд өөрсдөө гаргаж байна. Энэхүү чуулганы өмнө урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өнөөдөр эцсийн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь энэ юм” гэлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, тэднийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих хүрээнд зохион байгуулсан уг чуулганы үйл ажиллагаа маргааш Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт үргэлжилнэ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0