60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН, ДАХИН ШАЛГАЖ ЭХЛЭВ

60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН, ДАХИН ШАЛГАЖ ЭХЛЭВ

Өнгөрөгч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай уг ярианд хөндөгдсөн байдаг.

Улмаар тус хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноож  Ц.Сандуй, А.Ганбаатар шоронд 128 хоног хоригдсон. Харин давж заалдах шатнын шүүхээс тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар тус хэргийг өнгөрсөн гуравдугаар сард сэргээн, дахин шалгаж эхэлсэн юм. 

-АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН Ц.САНДУЙН ХИЛИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛСАН Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНТАЙ А.ГАНБААТАРЫНХЫГ ЦУЦЛААГҮЙ БАЙНА-

Тэгвэл "60 тэрбум"-ын хэргээр дахин шалгагдах болсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нь Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон байна. Түүнийг Д.Сумъяабазар Хотын даргаар ажиллаж байхдаа тус албан тушаалд томилсон бөгөөд Ц.Сандуй өдгөө Япон-Монголын хооронд чөлөөтэй зорчих болсон байна.

Ийн "60 тэрбумын хэрэг"-т шалгагдаж байгаа Ц.Сандуйд тавьсан хилийн хориг цуцлагдаж, тэрбээр ийнхүү Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон бол түүнтэй хамт шалгагдаж буй А.Ганбаатарт тавьсан хилийн хориг өнөөг хүртэл цуцлагдаагүй байгаа юм. 

Энэ хугацаанд А.Ганбаатар хүнд өвчнөөр өвдөж, биеийн байдал нь эрс муудсан, иймд түүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Гэвч түүнд тавьсан хилийн хориг цуцлагдаагүй тул гадаад руу эмчилгээнд явж чадахгүй байгаа аж.

Гэтэл яг ижил хэргээр шалгагдаж буй Ц.Сандуйн хилийн хоригийг шүүхээс цуцлаж, тэрбээр нөлөө бүхий албан тушаалд томилогдсон байдаг. Үүнд нь ХЗДХ-ийн сайд асан одоогийн Хотын дарга Х.Нямбаатарын нөлөө байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Ямартай ч УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуулиан дэгдээж, гол сэдэв нь болдог "60 тэрбум"-ын хэргийг дахин шалгаж байгаа нь энэ бололтой. 

 Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0