Баянзүрх дүүргийн таван хороог иж бүрэн камержуулна

Баянзүрх дүүргийн таван хороог иж бүрэн камержуулна
“Ногоон бүс” сайн туршлага нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар ханган нэгтгэн зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 5 хороодыг камержуулахтай холбоотой уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналтын камерын нэгдсэн төв бий болгож, дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх,таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Ногоон бүс” төслийг боловсруулсан.
Төслийн хүрээнд судалгаа хийж Улаанбаатар хотын иргэдийн 70 орчим хувь нь /өдөрт/ зорчдог төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа үйлчилгээний төвийн төвлөрөл ихтэй Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэрийг камерын бүрэн хяналтад оруулахаар сонгон авч, тус хороодын 178 цэгт 441 ширхэг камерыг суурилуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна. Теле хяналтын нэгдсэн төвийн тоног төхөөрөмж, серверийг шинэчлэн хийснээр дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, хороодын хэсгийн байцаагч нар ажлын байрнаасаа хариуцсан нутаг дэвсгэрээ хянаж үйл ажиллагаагаа сайжруулах бүрэн боломжтой болсон. Мөн хороодын гэмт, хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл 48,6 хувиар, халаасны болон хулгайн гэмт хэрэг 5 хувиар, гудамж талбайд танхайрсан гэмт хэрэг, зөрчил 41 хувиар тус тус өмнөх оны мөн үеэс буурсан эерэг үр дүн гарсан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилготой хэрэгжиж буй төслийг бүх талаар дэмжиж ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0