Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд нийтдээ 86 камер суурилуулж Теле камерын хяналтын төв байгуулав

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд нийтдээ 86 камер суурилуулж Теле камерын хяналтын төв байгуулав
Баянзүрх дүүргийн хэмжээнд жишиг хороо байгуулах зорилтын хүрээнд 23, 28 дугаар хороонд цогц бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Тухайлбал шинээр авто зам барих, явган хүний замыг засварлах, тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн хөрөнгөөр Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс санхүүжүүлэн дээрх хоёр хороонд 86 камер суурилуулах ажлыг хийж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст Теле камерын хяналтын төвийг байгууллаа. Тус төвийн нээлт өнөөдөр болсон юм.
Нээлтийн ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дарга Б.Бямбажаргал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга П.Очбадрах, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Ц.Жаргалсайхан нар болон албаныхан хүрэлцэн ирсэн.
Энэхүү ажлыг “Төгс хурц” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Нийслэлийн теле хяналтын нэгдсэн видео менежмент систем болон аналитик системтэй шууд ажиллах, нэмэлт программ хангамжийн лиценз шаардахгүй байх зэрэг шаардлагыг хангасан Герман улсын “Грүндиг” брэндийн камерын хяналтыг суурилуулсан байна. Эдгээр камер нь -40 градусаас +60 градуст ажиллах боломжтой, бичлэгээ 730 хоног хадгалах хүчин чадалтай, 4 MP нягтаршилтай гээд олон давуу талтай аж.
Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороо нь алслагдсан, гэр хороолол ихтэй гэдэг утгаараа гэмт хэргийн гаралт ихтэй байсан ч эдгээр камерыг суурилуулснаас хойш гэмт хэргийн гаралт эрчимтэй буурч байгаа үзүүлэлт байна. Тухайлбал, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны эхний сард 5 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 61.5 хувиар буурчээ. Харин 28 дугаар хороонд нэгдүгээр сард 1 гэмт хэрэг бүртгэгдсэн нь гэмт хэргийн гаралт 90 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эдгээр камер ашиглалтад орсноос хойш тодорхой хэргүүдийг камерын хяналтын хүрээнд илрүүлсэн байна. 2023 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө 28 дугаар хорооны иргэн, 58 настай, сэтгэцийн өөрчлөлттэй иргэн М гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлагын дагуу камерын бичлэг шүүж, түүнийг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн 2 дугаар сарын 1-ний өдөр 23 дугаар хороонд байрлах “Болор” дэлгүүрээс эд зүйл хулгайд алдсан дуудлагын дагуу камерын хяналтын бичлэгийг шүүж гэмт хэргийг илрүүлсэн байна. Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан жолоочийг илрүүлсэн зэргээр гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг түргэвчлүүлсэн бодит ажил болж байгаад цагдаагийн алба хаагч нар ам сайтай байгаагаа илэрхийлээд, талархлаа илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн хэмжээн Green zone буюу хүний оролцоогүй, хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоо суурилуулаад байгаа 86 камер нь энэхүү системд нэгдэх боломжтой, орчин үеийн техник технологийн шаардлага хангасан гэдгийг албаныхан онцоллоо хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0