Нүүрсний хулгайн гол гэрч Б.Ганхуяг анд нөхдийнхөө өмнө гранат дэлбэлэх үү?

Нүүрсний хулгайн гол гэрч Б.Ганхуяг анд нөхдийнхөө өмнө гранат дэлбэлэх үү?

Бүтэн жил дуулиан болсон нүүрсний хэргийн хулгайч, худалчдыг ичлэх нийтийн сонсголыг хоёр үе шаттай явуулахаар болсноо Хууль зүй, дотоод хэргийн сайд зарласан.

Эхнийх нь орон нутгийн жижиг Тавантолгой, хоёр дахь нь Эрдэнэс Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ. Ингээд нүүрсний хулгайчид Б.Энхбаярын өмнө нүүрээ улалзуулж, нүглээ наминчлах дээрээ хүрч магадгүй.

Жижиг Тавантолгой үндсэндээ “Ажнай” Д.Бат-Эрдэнийнх. Тийм ч учраас Ц.Элбэгдорж тэргүүтэй Ардчилсан намынхныг ажнайгаар дамжуулж агнах гэсэн арга заль гээд ойлгочиход бараг болно. Харин хоёр дахь нээлттэй сонсголд жинхэнэ томчууд буюу МАН-ынхан, нүүрсний хулгайн загалмайлсан эцэг гэгдэх “Женко” Х.Баттулга дуудагдах ёстой. Гэхдээ тэдний нэрсийг “нууж” үлдсэнийг бодоход МАН-д нуух юм тэнд байна аа гэсэн үг.  

Арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болох эхний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хоёр гэрчээр дуудагдсан нь анхаарал татаж буй гол дүрүүд гэж болно. Бүхэл бүтэн 11 сар хоригдохдоо ганц үг ганхийгээгүй Б.Ганхуяг юу гэх бол? Хэний нэрийг дурдах бол? Анхлан АТГ-аас зарласан 17 хүний нэрийг баталгаажуулах болов уу? Ер нь Б.Ганхуяг ямар бөмбөг тэслэх бол гэдэг асуулт хамгийн ихээр анхаарал татаж байна. Нэг бол бүх хулгайчдын нэрийг зарлаад бусадтайгаа хамт ялаа үүрэх эсвэл бүхнийг өөрөө үүрээд үгүй ядахдаа гэргийгээ хэргээс мултлах хэцүү сонголтын өмнө байгаа болов уу. Эцсийн бүлэгт хөшигний ард ямар тохироо хийснээс олон зүйл шалтгаална. Ямартай ч Б.Ганхуягийн гарт олон хүний хувь заяа дэнжигнэж байна.

Энэ удаагийн сонсголд 175 иргэн гэрчээр дуудагдсан бөгөөд улс төрчдөөс экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, экс Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Цэвэлмаагийн Баярсайханы гэргий н.Эрдэнэцэцэг, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговийнхон тэр чигээрээ,  Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, М.Энх-Амгалан, Д.Занданбат тэргүүтэй аудиторуудыг онцолж болох юм.

Эх сурвалжийн мэдээлсэнээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд  хамаарал бүхий хүн нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан, Д.Дорлигжав, Б.Энх-Амгалан хоёр нүүрсний олон хэргүүд эрүүгийн хэрэг болоод прокурорын шатанд хаагдсан шалтгааныг тайлбарлах, Ерөнхий аудиторууд нүүрс хулгайлагдаж байхад хөндлөнгийн хяналтаа яагаад хийхгүй байсан бэ гэдэг шалтгаанаар тус тус дуудагдаж байгаа аж.

Яг энэ зарчмаар 12-р сарын 18-22-ны өдрүүдэд нүүрсний хоёр дахь шатны нээлттэй сонсгол болно. “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг авч хэлэлцэх энэ сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс хэн хэн байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Нэн түрүүнд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр оролцох нь тодорхой.

Хамгийн ноцтой нь Хил хамгаалах ерөнхий газарт устгагдсан гэх 110 мянган машины материалыг сэргээчихсэн гэж буй. Энэ материалд юу байгаа вэ? Магад сох дутаад буй 280 мянган тонн нүүрсний сэжүүр энд нуугдаж байж болох. Ямартай ч ХХЕГ, ГЕГ-ын өмнөх удирдлагууд бүгд дуудагдах нь тодорхой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК хоёрын дунд байсан хулгайд алдагдсан нүүрсэн мөргөцөгтэй холбоотой асуудал, мөргөцгийг хулгайгаар олборлоод, хил давуулсан гэх мэдээлэл 2018 оны эхээр гарч байв. Эндээс 268 мянган тонн нүүрс алдагдсан гэж анх яригдаж байсан ч сүүлдээ “340 мянган тонн нүүрс байжээ” болоод явчихсан. Хамгийн гол нь тухайн үеийн ханшаар 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс ачсан том оврын хэдэн мянган автомашин хилээр бүртгэлгүй гараад явчихсан байж болзошгүй байдаг. Чухам энэ хэрэг дээр Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарын хууль хяналтын байгууллагын удирдлагууд холбогдсон байж магадгүй сэжүүр. Энэ бүхэн ирэх сард болох хоёр сонсголоор олон нийтэд ил болох учиртай.

Ганцаараа бүтэн жил шахуу нүүрсний хэргээр хоригдож байгаа Б.Ганхуягийг нийтийн сонсголд оролцуулах хүсэлтээ ар гэрийнхэн нь илэрхийлсэн. Харин эрх баригчид энэ асуудалд нам гүм байгааг бодоход нүүрсний гэх хэргээ ганц Б.Ганхуягт тохох магадлал өндөр. Энэ тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал амиа бодох үүднээс анд нөхдөө нэг нэгээр нь заах байх. Тэгж гэмээнэ Нүүрсний хулгайн дуулиан шуугиан, иргэдийн хүлээлт, хүсэлт биелэх юм.

Михайлд юу бодогдож байгаа бол?

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0