Генсекийн зодоон дундах ганцаардсан чоно

Генсекийн зодоон дундах ганцаардсан чоно

Өдгөө 42 настай, электроник инженер мэргэжилтэй, улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй Д.Амарбаясгалан. Улс төрийн стратегич, МАН-ын шинэ үеийн Бадамжунай, мөнхийн генсек гэх олон алдрын эзэн энэ хархүү улс төрийн тогоо улайссан энэ өдрүүдэд буланд шахагдсан ганцаардсан чоно болоод байна.

Уг нь түүн шиг МАН-ын гал тогоог олон жил барьж буй хүн байхгүй. Намаа 2 удаагийн парламентын сонгуульд, нэмэх нь ерөнхийлөгчийн сонгуульд ялахыг үзсэн генсек ч байхгүй. Энэ хэрээр нөлөөлөл, хүрээгээ тэлсэн түүний хувьд өнгөрсөн өвөл намын даргын суудлыг найз Л.Оюун-Эрдэнэдээ өгсөн цагаас эхлэн хүч нь суларч эхэлсэн. Угтаа намынхан нь ч, өөрөө ч намын дарга болох хамгийн сайн хувилбар нь Д.Амарбаясгалан гэж байсан боловч эцсийн бүлэгт Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгыг атгасан нь Д.Амарбаясгалан “бичлэгдүүлсэн” учраас гэх бор шувуу ч улс төрийн хүрээнд нисээд амжсан. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан сул талаа Л.Оюун-Эрдэнэд атгуулаагүй бол намын даргын суудлаа авч үлдэх төлөвлөгөөтэй байсан гэсэн үг.

Гэтэл өнөөдөр тэрээр намын дарга бүү хэл генсекээ ч “алдах” дээрээ тулчихаад байна. Дүрмээрээ Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооных бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглосон заалттай. Эрт, орой хэзээ нэгэн цагт генсекийн суудлаа өгөх нь тодорхой байсан гэсэн үг. Гэхдээ яагаад ЗГХЭГ-ын дарга болсных нь дараа намын генсекийн асуудал яригдсан ч Д.Амарбаясгалан байрандаа үлдсэн бэ?

Хүүк ах нь, Оюук найз нь “За яахав, сонгууль хүртэл хаа ч байсан юм, хэсэгтээ тонгочиж л байг” гэж үзсэн байж болох юм. Одоо харин сонгууль ойртчихлоо. Гал тогоогоо хэн авсан нь МАН-ын ирэх өдрүүдийн улс төрд гол тоглогч болно.

Нам улс төрөөс нэгэнт холдсон ч сэтгэл нь яваагүй У.Хүрэлсүх, намдаа ганцаараа “ноёлох” хүсэлтэй ч бяр ранг нь дутуудаад буй Л.Оюун-Эрдэнэ, үүрдийн генсек, үй зайгүй чинээлэг болсон Д.Амарбаясгалан гэх учиртай гурван толгойн дунд энэ тоглоом өрнөж буй. Эндээс нь хоёр нь л үлдэх ёстой. Гурвуулаа байж яавч болохгүй. Эцэст нь Хэнтийн ах дүү хоёр гар барьж, цаадахаа явуулахаар сэтгэл шулуудсан бололтой. Яг энэ гогцоон дээр “ногоон автобусны” хэрэг мандаж, Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар хоёр бүрэлдэхүүнээрээ огцорсон гэж болно. Өнгөн дээрээ Д.Сумьяабазар, Д.Амарбаясгалан хоёр нийслэлийн намын хороогоо булаацалдаад зодолдоод буй мэт боловч цаад том улс төр нь өнөөх гайхал генсекийн суудал байсан гэсэн үг.

Д.Сумьяабазарын хувьд нийслэлийн намын хороогоо авч үлдэх цорын ганц амбицтай. Хэрэв энэ хөзрөө алдвал экс мээр бүхнээ алдана гэсэн үг. Үүний тулд Л.Оюун-Эрдэнэд хүч хавсаръюу хэмээн фронт дээр дайтаж буй дүр зураг. Харин Л.Оюун-Эрдэнэ засгаа авч үлдэхийн тулд У.Хүрэлсүхэд алга хавсрахаас аргагүй хайчинд орчихоод буй. Хоёр ч удаа М.Энхболдод “мөлхөж” очиж засгаа авч үлдсэн тэрээр эцсийн мөчид улс төрд хөтөлж оруулсан нутгийн ахтайгаа буруу харж уйлан, зөв харж инээн гар барихаас өөр арга ч үлдээгүй биз. Ямартай ч МАН-ын хүндийн хүч Д.Амарбаясгалангийн эсрэг талд төвлөрчихөөд байна. Ядаж байхад “Админерал” гэх аюултай бөмбөг атгачихсан яваа. Мөн ч аюултай “бөмбөг” шүү.

 М.САЯН

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
1