МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших тул, ажлаа өгөхөөр яригдаж эхэлжээ

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших тул, ажлаа өгөхөөр яригдаж эхэлжээ

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа тул шинэ он гарахаас өмнө ажлаа өгөхөөр төлөвлөжээ. УИХ-ын 2024 оны сонгууль болоход долоохон сарын хугацаа үлдээд байна.

Харин ирэх 2024 оны УИХ-ын сонгууль Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу холимог системээр явагдаж, үр дүнд нь парламентын 126 гишүүнтэй болно. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор улс төрийн намууд залуу, боловсролтой боловсон хүчний эрэлд гарсан гэх мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр энэ боломжийг хүлээж буй залуус ч олон.

Тухайлбал,МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэрбээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдож байсан нэгэн. Товчхондоо тэрбээр МАН-ын угшилтай боловсон хүчин. Энэ утгаараа ирэх оны  УИХ-ын сонгуульд тус намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа аж. Харин түүний жагсаалтад оруулах уу, тойрогт дэвшүүлэх үү гэдгийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шийднэ.  

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж заасан.

Тодруулбал,УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-д Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заажээ. Тиймээс МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь хуулийн дагуу шинэ оноос өмнө ажлаа өгөх төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Түүний хувьд, 2002-2006 онд ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан;

  • 2007-2010 онд АНУ-ын Виржиниа  олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан
  • 2013-2014 онд “Рио Тинто”-гийн “Inspirational Leadership” хөтөлбөр, BPTrends Inc- бизнесийн үйл ажиллагааны удирдлагын курс, Deloitte Inc- Эрсдэлийн удирдлагын курс тус тус төгссөн
  • 2017-2018 онд Олон улсын агаарын тээврийн холбооны “Агаарын тээврийн удирдлага” курс, Олон улсын агаарын тээврийн холбооны “Агаарын тээврийн хууль” курсийг тус тус төгссөн.

Ажлын туршлага:

  • 2006-2007 онд  Дэлхийн боловсрол ХХК, Худалдан авалтын мэргэжилтэн,
  • 2010-2011 онд АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер
  • 2011-2015 онд Оюутолгой ХХК, бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн
  • 2013-2017 онд Монголын төслийн удирдлагын институтийн  гишүүн
  • 2015-2017 онд Оюутолгой ХХК, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч
  • 2017-2020 онд “МИАТ” ТӨХК, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2019-2021 онд НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч
  • 2020 оноос “МИАТ” ТӨХК, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн юм.

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0