Монголчуудад зориулсан жатга, хар домын дуулал гэв үү?

“Шуранхай” Г.Эрдэнэчимэг дуучин С.Жавхлангаас салснаасаа хойш уран бүтээлдээ илүү их анхаарах болсон. Хамгийн сүүлд 21 аймгаа тойрон аялан тоглолт хийсэн тэрээр энэ удаад “Тойрон бүжье” шинэ дуугаа олон нийтэд танилцуулсан юм. Этник чиглэлийн тус дуу, клипийг олонх нь сайшаан магтаж хүлээж авсан боловч зарим судлаач, сэхээтнүүдийн зүгээс хүчтэй шүүмжлэл хүртээд байна. Тухайлбал, СГЗ, сэтгүүлч, судлаач Б.Галаарид гуай энэ тухай нүүр номдоо ийн бичжээ.
1. “Монголоо алдмар гэж өвгөд минь ёс алдахад зэмлэдэгсэн. Гэтэл Монголоо алдах, Монголыг нь алдуулах хоёр юм болгоноос харагддаг болжээ.
Дуучин Г.Эрдэнэчимэг "Тойрон бүжье" шинэ уран бүтээлээ олонд хүргэжээ. Энэ дууны клип, үг, өнгөний билэгдэл зэргийг харахад монголчуудад зориулсан жатга, хар домын дуулал мэт санагдав. Хар улаан өнгийг гол болгож, харанхуйд түүдгийн гэрэлд нүүрээ бүтээсэн хар хувцастай хүмүүс бүжиглэж, дуучин бүсгүй:
...Харанхуйг гэрэлтүүлэн тойръё
Хамтдаа эх газраас хөндийрье...
...Мандах наран маргааш шингэнэ
Мэндээ амар хотлоороо цэнгэнэ
Монгол түмэн гараа атгаад...гэх зэргээр дуулна.
Дүү минь, энэ дууг дуулахаасаа өмнө үгийнх нь утгыг анзаарахгүй яав даа. Гол уран бүтээлч нь Kairu гэдэг хүн бололтой.
Энэ дууг зохиосон, клипний санааг бодож олсон хүмүүс монгол түмэн эв эе, сүр хүч, баяр цэнгэлээ хотол олноороо нэгэн хэмнэл дор хураан хуримтлуулдаг тойрон бүжгийн ая дан, техникийг ашиглажээ. Тэгэхдээ бүгдээрээ харанхуйд уулзаж гар гараасаа атган эх дэлхийгээсээ одъё гэсэн чөтгөрлөг санааг илэрхийлсэн нь нийтийн мөргөл, залбирал зэрэг үйлийн эсрэг хэлбэр буюу хараалыг агуулж байна гэдгийг билэгдэлт утгыг эрхэмлэдэг монголчууд минь ухамсарлаж энэ үг дүрсний илэрхийлэмжийг солиогүй тохиолдолд сонсохгүй байхыг уриалж байна. Монголоо алдаж байгаагийн жишээ энэ.
2. Хүүхдийн эрхийг хамгаалах сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлэхдээ 5-6 зүйр цэцэн үг ашиглалаа гэж мэдээллийн News.mn сайт шүүмжилжээ. "Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ" гэдэг өвгөдийн үеэс уламжлагдсан эрхэм ёсыг хөсөр гээж, ардын зүйр цэцэн үг ашигласан хүнийг ичиглэх ажлыг монголын нэр хүнд бүхий сайт ийнхүү эхлүүлэв. Мэргэжлийн сайт юмсан. Монголыг алдуулах ажлын жишээ энэ.
Хоёрхон жишээ дурдахад ийм байна. Нүүр номын эрхэм найзууд үүнтэй төстэй жишээнүүдийг дурдан шүүмжилж Монголоо алдмаруудаас Монголоо аваръя” гэжээ.
Та санал нийлж байна уу?

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0