МУГЖ Л.Баттулга хятадуудтай нийлж, Дорноговь аймгийн Их-хэт суманд нүүрс ухаж эхэлжээ

МУГЖ Л.Баттулга хятадуудтай нийлж, Дорноговь аймгийн Их-хэт суманд нүүрс ухаж эхэлжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга наадмаар бөхчүүдэд ам.доллар тараасан компанийнхаа Хятадуудтай нийлж, Их-хэт сумын наадмын талбайн дэргэд нүүрс ухаж эхэлжээ.

Дорноговь аймгийн Их-Хэт сумын морь барианы газар буюу сумын төвийн наадмын талбайг 2 жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, хурдан морь уралддаг хэсгийн замыг хусаж янзалсан байна. Гэвч эл газрын хажууд жүжигчин Л.Баттулгаар ахлуулсан хэсэг бүлэг хятадууд хэдхэн хоногийн өмнө ирж, газрыг ухаж эхэлжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Chen William Hon Lam гэгчийн "Эл Эл Ти Ди" ХХК нь Дорноговь аймгийн Их-хэт сумын нутагт байрлах "Олонгийн ухаа" гэх газарт 11 сая м2 талбай бүхий нүүрсний нөөц газрыг ашиглах зөвшөөрөл авсан байна. Улмаар тухайн компани нь хэдхэн хоногийн өмнөөс нүүрс олборлохоор техник хэрэгслээ Их-Хэт суманд авчирч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. Хамгийн ноцтой нь тус газарт хятадууд нүүрс олборлох гэж байгааг нутгийн иргэд огт мэдээгүй бөгөөд гэнэт хүнд техник төхөөрөмж суурилуулж, газар ухаж эхэлсэнд иргэд дургүйцжээ.

"Эл Эл Ти Ди" ХХК нь Дорноговийн Их-хэт суманд 11 сая м2 талбай бүхий нүүрсний нөөц газрыг ашиглах зөвшөөрөл авчээ

Харин газар ухаж эхэлсэн гэх "Эл Эл Ти Ди" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр "Азуре Коал Монгол Майнинг" ХХК бүртгэгджээ. Тус компани энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарчид 10 мянган ам.доллар, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгонд 5 мянган ам.доллар бэлэглэж байсан. Харин гүйцэтгэх захирлаар нь Сонинбаярын Мөнхбат буюу "доллар Мөнхөө" гэгч бүртгэлтэй байгаа бол эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Chen William Hon Lam гэгч байна.

Тэгвэл жүжигчин Аглуугийн хувьд яагаад хятадуудыг ахалж байна гэвэл тэрээр  "Азуре Коал Монгол Майнинг" ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны даргын үүргийг гүйцэтгэдэг байна. Нутгийн иргэд энэ талаар түүнээс тодруулахад "Манай компани А зөвшөөрөлтэй. Наадмын талбай, морь уралддаг газар зэрэг асуудал бидэнд хамаагүй" гэх хариултыг өгч, хүчээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0