ТҮЦ эрхлэгчид нэгдээд аж ахуйн нэгж байгуулаад, төсөл бичээд ирвэл дэмжинэ

ТҮЦ эрхлэгчид нэгдээд аж ахуйн нэгж байгуулаад, төсөл бичээд ирвэл дэмжинэ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Улиастайн гүүрний зүүн талын зам дагуух хуушуурын ТҮЦ-үүдийг нүүлгэхээр боллоо. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Засаг даргын тамгын газарт бичиг ирүүлж, эдгээр ТҮЦ-үүд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нөхцөл байдал үүссэн тул нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг анхааруулсан.
Үүнтэй холбоотой ТҮЦ-ний эзэд болох таван гэр бүлийн төлөөлөл Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон удирдлагуудтай уулзлаа. Хууль бусаар, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй уг ТҮЦ-үүдийг нүүлгэж, холбогдох хуулиудыг хангах шаардлагатай байгааг Засаг дарга онцолсон.
Мөн тэрээр “Та бүхэн хамтраад аж ахуйн нэгж байгуулаад, төсөл бичих хэрэгтэй. Хотоос зүүн тийш гарч байгаа замын хуушуурын бизнес бол том зах зээл. Та бүхэн стандарт шаардлага хангахгүй нэг ТҮЦ тавьчхаад хэзээ ч хамаагүй хөөгдөж, туугдаад амьдарч байхаар бүгдээрээ нэгдээд төсөл бичээд “Гудамжны хоол”-ыг утгаар нь хийх хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал зуны гурван сарын ашиг биш насаараа ажилтай, орлоготой, тогтвортой ажлын байртай болно” хэмээн хэлсэн юм.
Мөн тус байршилд Экстрем спортын талбай байгуулахаар зураг төсөл хийгдсэн. Үүнд хоол үйлдвэрлэл, “Гудамжны хоол”-ны газруудыг төлөвлөсөн. Үүн дээр хэрхэн хамтран ажиллах саналаа оруулж ирсэн ч бид ярилцаад хамтарч ажиллах боломж нээлттэй гэдгийг илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0