Улаанбаатараас орон нутагт шилжсэн 176 иргэн ипотекийн гурван хувийн зээлд хамрагджээ

Улаанбаатараас орон нутагт шилжсэн 176 иргэн ипотекийн гурван хувийн зээлд хамрагджээ

Төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд орон нутагт шилжин суурьших иргэдэдээ зориулж Монгол Улсын Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатараас орон нутагт шилжсэн 176 иргэн ипотекийн гурван хувийн зээлд хамрагдсан байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааны үеэр онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар төвлөрлийг сааруулах цогц бодлогыг хэрэгжүүлж буй. “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөг 13 аймагт хэрэгжүүлж байна. Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжин суурьшигчдын олонх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийг сонгон төвхнөж байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн хуралдааны үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар хэллээ.

Тэрбээр мөн нийслэлийн төвлөрөл, түгжрэлээс зугтаж орон нутагт шилжих хүсэлтэй иргэдэд зориулсан гарын авлага, www.huduu.mn мэдээллийн цахим хуудас бэлэн болсон гэлээ. Ташрамд дуулгахад, УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хуульд орон нутагт багшаар ажиллавал 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Мөн олон улсын хөтөлбөртэй дунд сургуулиудыг орон нутагт түлхүү байгуулах зэрэг ажил хийж байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа. Энэ мэт орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэндээ ээлтэй бодлогыг Монгол Улсын Засгийн газраас шат дараатай авч хэрэгжүүлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0