Яллагдагч Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Яллагдагч Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүнээс урьдчилсан шатны хэлэлцүүлгийг 11-р сарын 04-нд товложээ. 

Энэхүү хуралдаанд Т.Бадамжунай шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн ирсэнгүй. Учир нь тэрээр есдүгээр сарын 24-ний өдөр тархинд цус харвасны улмаас зүүн хөл, гар, хэл яриа саажилттай, артерын даралт байнга ихсэж байгаа. Үүнээс үүдэн есдүгээр сарын 25-наас эхлэн эмнэлэгт хэвтэж бусдын асрамжинд байгаа учир энэ удаагийн хуралдаанд оролцох боломжгүй ч дараагийн хуралдаанд оролцох боломжтой хэмээн санал хүргүүлсэн байна. Иймд өмгөөлөгчдийн гаргасан саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авлаа. 

Хэргийг эргэн сануулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас баривчлан, Монгол Улсад авчран саатуулсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг нь прокурорт хүргүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0