“Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын албан хаагчид “Инээмсэглэл бэлэглэе” аянаа зохион байгууллаа

“Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын албан хаагчид “Инээмсэглэл бэлэглэе” аянаа зохион байгууллаа
Дүүргийн зам талбайн тохижилт, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалтыг хариуцдаг “Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын гуравдугаар хэсгийн хамт олон “Инээмсэглэл бэлэглэе” нэртэй хандивын хайрцгийг бүтэн жилийн турш ажиллуулж албан хаагчид өөрсдийн боломжоороо хандив цуглуулдаг. Үүнийгээ жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нээж, олон хүүхэдтэй, зорилтод бүлгийн нэг айлд хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг гардуулдаг болоод гурван жил болж байна.
“Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын гуравдугаар хэсгийнхэн 16-уулаа. Тэд энэ жил 300 мянга гаруй төгрөг хандивын хайрцагтаа цуглуулснаараа 24 дүгээр хорооны иргэн н.Оюунтунгалаг гуайнд инээмсэглэл бэлэглэлээ.
Тэд өөрсдөө туслах айлаа сонгодог бөгөөд энэ жил ээлжийн мастер нь тухайн айлыг сонгожээ. н.Оюунтунгалаг эгч хоёр ихэр охинтой бөгөөд охид нь бага насны хүүхдүүдтэй учраас хүүхдүүдээ хараад ажил хийдэггүй. Түүний нөхөр нь Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрж олсон орлогоороо амьдардаг гэдгийг хэлсэн. Ам бүл 8 уулаа, бага насны 4 хүүхэдтэй энэхүү өрхийн хүүхэд бүрд бэлэг гардуулж, хүнсний зүйлсээр тусламж үзүүлсэн.
Мөн “Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын гуравдугаар хэсгийнхэн н.Оюунтунгалаг эгчийг гэрээ засаж барих, хашаа хороогоо засах үедээ дуудвал очоод тусална гэдгээ хэлсэн.
Дуслыг хураавал далай гэдэг. “Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын гуравдугаар хэсгийнхэн бүтэн жилийн турш бага гэлтгүй цуглуулсаар ийнхүү нэгэн өрхөд инээмсэглэл бэлэглэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0