Л.Оюун-Эрдэнэ ч огцруулж үл чадах У.Хүрэлсүхийн сайдууд

Л.Оюун-Эрдэнэ ч огцруулж үл чадах У.Хүрэлсүхийн сайдууд

Төрийн ордноос М.Энхболдыг л зайлуулчихвал Монгол Улс мандан бадарна хэмээн лоозогнож, дүн өвлөөр төв талбайд жагсаал хийсний эцэст нам, засгийн тамга авсан Л.Оюун-Эрдэнэ 2022 оны наймдугаар сард кабинетээ бүрдүүлэхдээ Үндсэн хуульд заасан эрхээ эдлэж чадаагүй нь өөрийнх нь зовлон болж хувирсан. Ах нарынхаа шахаа, шантаажны улстөрчдөөр засгаа бүрдүүлсэн тэрбээр зүүний үзүүр дээр сууж ирсэн нь бас чиг гүтгэлэг болохгүй юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг суллаж өгч байж улс төрийн тэтгэвэрт нь гаргасан Ц.Нямдоржоос дээрдээд баймааргүй хөгшчүүл түүний танхимд нь суугаа нь нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах нь болсон нь хоржоонтой ч үнэн.

Төсөл тендерийн цавчаагаараа цуутай 10 хувийн сайдаас эхлээд ажлаа яаж хийдэг юм гэмээр нөхрөөр Эрүүл мэндийн салбараа толгойлуулсан нь Л.Оюун-Эрдэнэ ах, зах, ахмад настнаа дээдэлдэгтээ биш чухамдаа хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт хаа хаанаа тал алдахгүй, засгаа бат бэх байлгах гэсэн арга заль төдий.. Товчхондоо, олон эрх ашиг, олон шахалт дунд заазны гэмээр засгийг бүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнэ эрээвэр хураавруудаа ирэх сонгуулиар яах бол? Энэ бол эхний асуулт.

Юун түрүүнд Л.Оюун-Эрдэнийн засгийг,

  1. Л.Оюун-Эрдэнийн өөрийн фракц,
  2. Ерөнхийлөгч У.Хүрсэлсүхийн фракц,
  3. УИХ-ын дарга Г.Занданшатарын шахаа,
  4. Сүгийн сүүдрүүд,
  5. Cash буюу бэлэн мөнгөнийхөн,
  6. Сүүлийн боломжоо авсан партизанууд гэсэн хэдэн багц бүлэгт хувааж болно. Энэ удаад Ерөнхийлөгчийн фракцийг онцолъё.

 

Hugo Boss-ын хоёр

Ардын намын ах нар цаг үеэ дагаж өөрчлөгдөж байдаг авч том ахын байр сууриа хамгийн урт удаан хугацаанд хадгалж буй улстөрч бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Ямартаа л  Монголын Hugo Boss гэгдэх вэ. Хамар дор нь зодолдоод буй хоёр дүүгээ /Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан/ дуудаж авчраад нэг шанаа, хоёр цохилт өгөхөд нэг удаадаа тэд нь  уучлал гуйгаад худлаа ч болов хоорондоо гар барих дайны. Өнөөгийн Ерөнхий сайдыг Бэрх тосгонд “качигаар” байхад нь өөд нь татсан том ахын хувьд “өр төлөх” ёстой, ач хариулах ч учиртай.

Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийг засгаа бүрдүүлэхэд У.Хүрэлсүх ойрын итгэлт хоёр хүнээ “шахсан” нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар.

Б.Жавхлангийн тухайд Ерөнхийлөгчтэй үеэлүүд. Хэзээ ч дайны шугаманд нэгнээ орхиод явахгүй садан төрлийн холбоотой улс. Дарханы тойргоос УИХ-д хоёронтоо сонгогдсон, ахиад тэндээсээ нэр дэвшихээр зэхэж буй. 2018 онд ЖДҮХС-аас “Пример инвестмент групп”-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөгийн зээл олгуулсан хэрэгт нэр холбогдсон ч энэ хэргээс цэвэрхэн мултарч, 2020 оны сонгуулиар дахин нэр дэвших мандат авч чадсан. Ард нь асаалттай танк Hugo Boss байдаг учраас арга ч үгүй биз.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цэргийн сургуулийн нэг ангийнхан. Хаа очиж мерит зарчмаар салбараа ахалж буй бригадын генерал тэрээр 2020 оноос хойш Батлан хамгаалахын сайдаар тогтвортой ажиллаж байна. Өнөө цагт энэ нь сайд нарын тухайд үзүүлэлт гэж болохоор урт хугацаа юм. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн кабинетээс Л.Оюун-Эрдэнийн кабинет рүү улиран ажилласан цөөн сайд нарын нэг.

Г.Сайханбаяр сайдын тухайд гэхдээ нөхцөл байдал сайхангүй байгаа. Ялангуяа 2023.11.13-ны өдөр цэрэгт татагдаад 20 ч хоноогүй байхдаа амиа алдсан байлдагчийн хэрэг дуусаагүй, хохирогчдын гомдол барагдаагүй байна. Статистик үзвэл 2023 он гарсаар 6 цэрэг, Г.Сайханбаярыг сайд болсноос хойш буюу 2020 оноос хойш нийт 12 байлдагч цэргийн алба хааж байхдаа амиа алдсан байна. Үүнд:  

2020.03.13: Дорнод аймгийн Халхгол сум, Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон,

2021.02.07:. Дундговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангийн алба хаагч 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж амиа алдсан,

2021.03.28: Зэсвэгт хүчний 326-р ангийн алба хаагч Б салааны даргадаа зодуулсны улмаас амиа алдсан,

2021.04.24: Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Сулинхээрийн 0168-р ангийн алба хаагч Х малын хашаанаас хоолойгоо боомилсон,

2022.06.16: Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч 18 настай Н ходоод задарч нас барсан,

2022.07.13: Өмнөговь аймаг, Зэвсэгт хүчний 177-р ангийн алба хаагч 19 настай Н амиа алдсан,

2022.09.28: Увс аймгийн 0245-р ангид алба хаагч С амиа алдсан,

2023.02.27: Төв аймгийн Алтанбулаг сум Зэвсэгт хүчний 311-р ангийн алба хаагч нас барсан,

2023.05.12: Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165-р ангид шинээр цэрэгт татагдсан 19 настай хүү амиа алдсан,

2023.05.20: Ховд аймаг, Зэсвэгт хүчний 123-р ангийн хашаан дотор алба хаагч өөрийгөө боомилсон байдалтай нас барсан,

2023.06.23: Оюутан цэрэг гүйж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан,

2023.11.13: Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан залуу амиа алдсан хэрэг тус тус гараад байна. 

Архангай аймгийн Жаргалант сумын уугуул Г.Сайханбаяр сайд 2024 оны сонгуулиар Архангайд нэр дэвшихээр хэдийнэ ханцуй шамалсан. Тойрог услах ажиллагаа эртнээс эхэлсэн. Ямартаа л УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сайд Г.Сайханбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд зунжингаа бүх цэргийн ангийг тэр чигээр нь Архангай аймагт аваачиж ажиллуулсан. Тэр мөнгөөрөө цэргийн казармыг засахгүй яасан юм” гэж чуулганы индэр дээрээс зандраад авсан.

Насаараа төрийн албанд тэгэх тусмаа цэрэг армийн салбарт хүчин зүтгэсэн Г.Сайханбаяр генерал сонгуулийн тухайд аз шүүрч мэдэхээр тойрогт горилж буй. Архангайгаас аатай, гаатай орж ирсэн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг хоёр эзгүй, ГОК-ын Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн бууриа сахиж үлдсэн Архангайн тойрог аманд орсон шар тос мэт байж болох талтай. М.Энхболдын фракцийнх гэдэг өнцгөөрөө “хойдохоо уншуулсан” гэж үзвэл Ерөнхийлөгч өөрийнхөө хүнд зориулж тойрог цэвэрлэгээ хийсэн гэж хардаж болохоор.

Ер нь МАН-ын томчууд өөрсдийнхдөө зориулж тойргийн цэвэрлэгээг хэрхэн хийсэн бэ, хийдэг вэ гэдэг нь өөрөө тусдаа том сэдэв юм.

Үргэлжлэл бий.

М.Уранчимэг

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0