Метроны ТЭЗҮ-ийг 180 тэрбумаар боловсруулахаар Хотын төсвийн төсөлд суулгажээ

Метроны ТЭЗҮ-ийг 180 тэрбумаар боловсруулахаар Хотын төсвийн төсөлд суулгажээ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар энэ сарын 22-ны /2023.11.22/өдрийн Засгийн газрын хуралдаанаар метроны ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах үүрэг өгсөн.

Энэ дагуу ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, арванхоёрдугаар сард багтаан тендер зарлахаар болоод байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхлээд байгаа гэдийг албаныхан мэдээлсэн. Таван жилийн дараа буюу 2028 онд ашиглалтад орно хэмээж буй 17.7 км урт метроны төсөлд 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан байна. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах бол метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэх аж. 

Тэгвэл метроны ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд нийслэлээс 180 тэрбум төгрөг зарцуулахаар 2024 оны төсвийн төсөлд тусгажээ.

Учир мэдэх хүмүүс, "Улаанбаатар хотод метро барих нь зөв шийдэл биш бөгөөд манай эрчим хүч нь хөдөлгөж дийлэхгүй гэдгийг тодотгож байгаа юм. Харин Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан болон Хотын дарга Х.Нямбаатар нар "метро зөв шийдэл" гэдгийг тодотгож, ийнхүү ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар нийслэлийн ирэх оны төсөвт 180 тэрбум төгрөгийг суулгасан байна. Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системд 22.8 тэрбум, телекамерын нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем, программ хангамжид 80.1 тэрбум, тээврийн хэрэгслийн зогсоолыг стандартад нийцүүлж, зогсоолын менежментийг сайжруулахад 6.5 тэрбумыг зарцуулахаар төсөлд тусгажээ. Ташрамд өгүүлэхэд,Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн /2023.11.30/ ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм. 

-Г.МӨНХБАЯР "2017 ОНООС МЕТРОГООР ЗОРЧУУЛНА" ГЭЭД ЧАДААГҮЙ БОЛ Д.СУМЪЯАБАЗАР "2024 ОНД LRT-ЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА" ГЭСЭН Ч БОЛООГҮЙ-

Тэгвэл Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаярын 2009-2012 оны мөрийн хөтөлбөрт заасны дагуу Улаанбаатар хотыг метротой болгох Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, улмаар 2017 онд Улаанбаатарт хотын метроны нэгдүгээр шугамыг ашиглалтад оруулна гэж мэдэгдэж байв. Харин өнөөдөр Хотын дарга асан Г.Мөнхбаяр МАН-ынхаа хайр хишгийг хүртэж Монгол улсаа төлөөлөн Турк улсад элчин сайдаар сууж байна. Тэрбээр бараг 2017 онд Улаанбаатарыг метротой болгоно гэж амлаж байснаа мартсан байх.

Харин 2020-2023 оны хугацаанд Хотын даргаар Д.Сумъяабазар ажиллахдаа, 2024 он гэхэд нийслэлд “Баганан тулгуурт галт тэрэг” /LRT/ буюу газар дээрх метро барина хэмээж байв. Д.Сумъяабазарын “Баганан тулгуурт галт тэрэг”-ийн чиглэл нь Буянт-Ухаа 2 хорооллоос эхлэн Нисэх-Яармагийн дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн дөрвөн зам, Сансарын тойрог гээд нийт 50 километрийн урттай байхаар ТЭЗҮ-ийгболовсруулсан байдаг. Бүр LRT төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх НИТХ-ын тогтоол батлагдаж, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн талын нутаг дэвсгэрийн олон га газрыг 7,5 тэрбум төгрөгөөр улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн байдаг.

Гэтэл Х.Нямбаатар Хотын дарга болоод “Баганан тулгуурт галт тэрэг”-ийг барихгүй, газар доор хонгилоор явдаг метро барина гэдгээ мэдэгдсэн. Харин метроны санхүүжилтийг “Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадуудад ашиглуулж босгох ба метро нь Таваншар-Офицер чиглэлд баригдана гэсэн мэдээлэл байна. Энэ бүхэн бол үе, үеийн хотын дарга нарт Улаанбаатар хотыг хөгжүүлэх алс хэтийн ямар ч төлөвлөгөө байхгүй гэдгийг илтгэж байгаа юм.

Харин Хотын дарга Х.Нямбаатарын яриад буй газар доор хонгилоор явдаг метро нь Улаанбаатарт хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь эрчим хүч хангалттай хөгжсөн, хүн ам ихтэй Бээжин, Токио, Сөүл зэрэг хотууд газар доорх метрог ашигладаг. Зарим эх сурвалжууд 10 саяас дээш хүн амтай хотод метро тохирно. Мөн метроны замын нийт урт 50 километрээс дээш байх нь ашигтай гэж буй. Гэтэл манай Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай гэдэг ч эдгээрийн бараг тал хүүхдүүд, нөгөө талаар Таваншар-Офицер чиглэл 10-13 километрийн зай байгаа. Нөгөө талаар Улаанбаатар хотод метро яваад эхэлбэл эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх юм. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0