Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд шагнал гардууллаа

Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд шагнал гардууллаа
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Зөвлөх Б.Галцог, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцсон юм.
Сар шинийн баярыг угтсан өнөөдрийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 28 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, “Алтан гадас” одонгоор 48, Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр 24 хүн энгэрээ мялаалаа.
Эдгээр эрхмүүдээс онцолбол, цэвэр усны нөөцийг 20 гаруй жил хамгаалсан Н.Дагва гуай төрдөө үнсүүлж “Алтан гадас” одон хүртлээ. Тэрээр Цэвэр усны хамгаалалтад цагдаагийн алба хаагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан бөгөөд одоогоор Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд амьдардаг аж. “Өвөө нь 017 дугаар ангид цэргийн алба хаагаад тэндээсээ цэвэр усны хамгаалалтын цагдаа болсон. Одоо 35 дугаар хороонд амьдардаг. Хэдэн үхэр, адуутай” хэмээн хуучиллаа.
Өнөөдөр төрийн шагнал хүртэл буй эрхмүүдээс хамгийн өндөр настайдаа буюу 91 настайдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан Н.Цэгмэд гуай 30 гаруй жил нийтийн хоолны салбарт ажиллажээ. “10-аад жилийн өмнө “Алтан гадас” одон хүртсэн. Ийм өндөр настай болсон ч хөдөлмөрийг минь үнэлж төр засгаас шагнаж байгаад маш их баярлаж байна” хэмээн хэлсэн тэрээр Алдарт эхийн 1, 2 дугаар одонг мөн энгэртээ зэрэгцүүлсэн нь бахархалтай сайхан аж.
Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн хүмүүс болон нийт ард иргэд та бүхэн “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0