Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрханд нэр дэвшинэ

Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрханд нэр дэвшинэ

Говь-Алтай аймгийн 100 жилийн ойгоор Элон Маскын "Старлинк"-ийн төхөөрөмж тарааж, Алтайчууд төдийгүй монголчуудыг шуугиулаад амжсан Соёлын сайд Ч.Номин Говь-Алтайгаа “голж” Сонгинохайрханыг сонгожээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр Хотын мээр Х.Нямбаатар Сонгины тойргоо сайд бүсгүйд “бэлэглэсэн” аж.

Телевизийн захирлаас төрийн сайд болсон энэ бүсгүй Л.Оюун-Эрдэнийн кабинетэд “Женко”-гийн квотоор орсон ч ядах юмгүй Ерөнхий сайдын гарын сайд нарын нэг болсон. Л.Оюун-Эрдэнийн ах Х.Баатарын холбоос байж байхад гайхах ч юу байхав. Тэгэх тусмаа Ерөнхий сайдын үеэл Х.Нямбаатарын тойргийг авсан нь эдний хэлхээ холбоо хичнээн янаг халуун болохыг илтгэнэ.

“Монос”-ын Л.Эрдэнэчимэгээс авахуулаад Д.Кёкүшюзанбатбаяр хүртэл “суперүүд”-ийг парламентад суулгаж амжсан Сонгинохайрхан хотдоо бол “онцгой” бүс нутаг. Атга гурил, чимх будаа байхад П.Анужин, Б.Жаргалмаа, айлын эрх хүү Н.Батшугарыг хүртээл ивээдэг аатай тойрог. Хоёр ч гишүүнээ хотын мээр болгоод алдаж орхисон хачин дүүрэг. Өнгөрсөн долоо хоногт Б.Жаргалмаа гишүүнийг төрсөн өдрөөр нь “шоглох” нь хартай хүнд бол тойргоо цэвэрлэж, замаа засаж байгаа үйлдэл мэт харагдана лээ. Товчхондоо Соёлын сайд Сонгинхайрханы “хатан хаан” болохын тулд Б.Жаргалмаагаар туг тахьчихав уу гэмээр. Ер нь ч Ерөнхий сайдынхан тойргийн цэвэрлэгээг торгон нарийн хийдэг улс л даа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0