Утасны цаана нуугдах гаж донтонгууд олшров

Утасны цаана нуугдах гаж донтонгууд олшров

Дижитал эринд амьдарч байгаа энэ үед хүн бүр цахим хаягтай болж, тэр хэрээр иргэд цахим халдлагад өртөх тохиолдол эрс нэмэгдэх болсон. Нэмэгдэх болсон тохиолдлыг задлахын тулд сүүлийн хоёр хоногийн жишээг авч үзье. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. 

Хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдсон байна. 

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фейсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг 20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ. Уг этгээдийн ашиглаж буй гар утсан дээр олон тооны насанд хүрээгүй охидтой харилцсан чат, нүцгэн зураг, дүрс бичлэг хадгалагдсаныг бэхжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Үүнээс харахад дөнгөж цахим хаягтай болж, сошиал ертөнцтэй танилцаж яваа өсвөр насныхан гаж донтонгуудын бай болсоор байна. Гэвч хүүхдүүдээ гар утсаараа юу хийдэг, хэнтэй нөхөрлөдө, хэнтэй харьцдаг болохыг эцэг, эхчүүд төдийлөн анхаарал хандуулдаггүйн харагдаж байгаа юм. Илэрч байгаа нь дээрх хоёр этгээд боловч нэр усгүй, зураггүй, хуурамч хаягаараа хэрэг үйлддэг олон хүмүүс бий. 

Иймд өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд анхаарал, сэрэмжтэй байж хүүхэдтэйгээ харьцаж, сошиал орчинд хэрхэн өөрийгөө хамгаалах, бусадтай яаж харьцах зэрэг зөвлөмжүүдийг өгөхийг Цагдаагийн байгууллагаас санал болгож байна.

Тухайлбал,

  1. Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй
  2. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх.
    Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт
  3. Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх.
    Үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.
  4. Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.
  5. Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0