Өчигдөр тээврийн осол өмнөх өдрүүдээс 30 хувиар нэмэгджээ

Өчигдөр тээврийн осол өмнөх өдрүүдээс 30 хувиар нэмэгджээ

Жил бүрийн өвөл анхны цаснаар нийслэл хот тэг зогсолт хийх уламжлал тогтчихсон гэлтэй. Өчигдөр буюу 2023.11.08-ны өдөр энэ өвлийн оргил тэг зогсолт нь болов. Ерөнхий боловсролын сургуулиуд амарчихсан байхад тэг зогсолт хийсэн нь хотын удирдлагуудаас авахуулаад жирийн иргэд хүртэл гайхаж цочирдсон нь аргагүй. Гурав хоногийн өмнө орсон цасан дээр нэмж цас хаялсан нь замын халтиргаа гулгааг нэмж, авто замын осол ч их гарсан байна.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэнээр өчигдөр нийт 142 байршилд зохицуулалт хийж ажилласан бөгөөд өмнөх өдрүүдээс осол аваар 30 хувиар нэмэгджээ.

Замын хөдөлгөөний ачаалал үүссэн шалтгаан нь нэгдүгээрт, 391 осол гарч, ослын тоо энгийн өдрүүдээс 30 хувиар өссөн.

Хоёрдугаарт, нийтийн тээврээр зорчих хүн багасч, хувийн машины тоо өссөн байна. Өдөрт дунджаар нийслэлийн авто замд 140 машин нэмэгдэж байгаа аж.

Гуравдугаарт, 5 шарын гармыг өчигдөр нийт 28 удаа хаасантай холбоотой нөхцөл байдал хүндэрсэн аж. Тус гармын цасыг цэвэрлэхийн тулд нийт 20 минут хөдөлгөөн зогсоосон байна. 

Мөн хоёр байршилд ачааны машин эвдэрч 40-150 минут зогссон зэрэг олон хүчин зүйлс өчигдөр оройн тэг зогсолтын шалтгаан болжээ. Цаашид ч замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул зорчих замын ачаалал болон цагийн төлөвлөлтөө зөв зохион байгуулахыг сануулж байна. 

Судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Гэвч цаг агаараас шалтгаалж энэ тоо буурдаг байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0