Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл болон Онцгой байдлын хэлтэс хамтран “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг зохион байгуулж байна. Өсвөр насныханд гамшгийн үед ажиллах мэдлэг олгох, эрсдэлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалах дадал хэвшлийг бий болгох зорилготой энэхүү тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 14, 30, 69, 79, 87, 88, 127 дугаар сургуулиас багууд оролцож байна.
“Өсвөрийн аврагч-2023” тэмцээний нээлтэд зориулан Аврах тусгай ангийн шүхэрчид агаараас аврах үзүүлбэр үзүүлсэн бол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс авран хамгаалахад зориулагдсан техник, тоног төхөөрөмжүүдээ дэлгэсэн нь тэмцээн оролцож буй сурагчид болон багаа дэмжихээр ирсэн сурагчдын анхаарлыг татаж чадлаа.
Байгалийн гамшиг тулгараад ирэхэд иргэн бүр даван туулах анхан шатны мэдлэгтэй байх ёстойг энэ зун болсон үерийн гамшиг мэдрүүлсэн. Тийм ч учраас өсвөр насныханд энэ талын мэдлэгийг олгох нь чухал гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.