Хичээлээсээ гэртээ хариагүй 14 настай охин бусадтай нийлж согтуурчээ

Хичээлээсээ гэртээ хариагүй 14 настай охин бусадтай нийлж согтуурчээ

Цагдаагийн байгууллагад 14 настай, эмэгтэй "Н" нь "хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг.

Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Т" нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД

Монгол Улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас:

1. Хуулийн 21.1.1 дэх хэсэгт "21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;"

2. Хуулийн 26.2 дахь хэсэгт "Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана. "

3. Хуулийн 27.1 дэх хэсэгт "21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна."

4. Хуулийн 28 дугаар зүйл 28.1.2 дахь хэсэгт "согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тохиолдол "21 нас хүрээгүй;" гэж хуульчилсан байна.

Иймд Та бүхэн бусдын хүүхдийг өөрийн хүүхдийн нэгэн адил ойлгож, бусдын хүүхэд таны хүүхэдтэй хамт нэг нийгэмд амьдарна, магадгүй нэг орчин, нэг хамт олон, нэг гэр бүл болох тавилан бий гэдгийг ухаарч насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, хуулийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож, хүүхдэдээ цаг гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.

2. Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшил, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

3. Эцэг, эхчүүд маань гэр бүлдээ тайван дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд аливаа асуудлыг эергээр даван туулах суурь чадварыг бүрдүүлэх.

4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин түүнд тайлбарлаж өгнө гэдгийг санах.

5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0