Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр 407, 421 дүгээр хорих ангиудад ажиллалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр 407, 421 дүгээр хорих ангиудад ажиллалаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын үйлдвэр 2013 онд байгуулагдсан. 70-80 хоригдлын тогтмол ажлын байртай. Хорих ял эдлэгсдийн өвөл зуны хувцас, ажлын хувцас, цагаан хэрэглэл оёхоос гадна аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, гэрийн бүрээс, хөшиг, ажлын хувцас зэргийг оёдог. Хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангаснаар хийсэн хөдөлмөрт нь тохирсон цалин хөлс олгох, учруулсан хохирлыг барагдуулах эерэг үр нөлөөтэй. Хамгийн чухал нь мэргэжлээрээ цаашид ажиллах давуу талтай болох юм. Хэрэв барилгын асуудлыг шийдэж чадвал дэлгүүр нээж гар урлалын бүтээгдэхүүнээ худалдан борлуулах хүсэлтэй байгааг хорих ангийн дарга Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр уламжилсан. Үүнээс гадна Эмнэлгийн хэсэгт яаралтай тусламжийн болон физик эмчилгээний өрөөг тохижуулан, шаардлагатай техник, тоног төхөөрөмж суурилуулах, хүмүүжигчдэд чиглэсэн хууль, эрх зүй, нийгэм, сэтгэлзүйн чиглэлээр сургалтыг зохион байгуулах видео сургалтын танхимыг тохижуулах зэрэг шийдвэрлэх шаардлагатай зарим ажлуудаа танилцууллаа. Tулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллана гэдгээ Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр энэ үеэр хэлсэн.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид ажилласан. Ангийн хувьд цайны газрын засвар, гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Цаашид гадна талбайд хяналт тавьж ажиллахын тулд хяналтын теле камерын өрөөг тохижуулж, техник хэрэгсэл, камерыг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд ийнхүү хорих ангиудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр ажилласан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0