Баянзүрх дүүргийн Засаг дарга болон удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга болон удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа
Иргэдийн асуудлыг сонсоод өнгөрөх бус шийдвэрлэж ажиллах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон удирдлагын багаас энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Тиймээс өмнөх уулзалтад оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг танилцуулдаг. Өмнөх уулзалтад оролцсон 5 иргэний асуудал шийдвэрлэгдсэн бол 13 иргэний асуудал судлагдах шатанд явж байна. Харин өнөөдрийн уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь газрын асуудлаар хандсан юм. Тухайлбал олон жил тухайн байршил дээрээ амьдарсан хэдий ч гэрчилгээгээ авч чадаагүй, шинээр газар эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч, цаашид судлах, шийдвэрлэж ажиллах хэрэгтэйг Засаг дарга уулзалтын үеэр илэрхийллээ.
Мөн Баянзүрх дүүрэг дэх Газар зохион байгуулалтын албанаас шинээр газар эзэмших хүсэлт авах, бүртгэх боломжгүй, холбогдох цахим систем хаагдсан талаарх мэдээллийг танилцуулсан. Цаашид газартай холбоотой үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зорилгоор ийнхүү зогсоосон гэдгийг мэдэгдсэн.
Газрын асуудлын гадна хогны асуудлаар иргэд уулзалтад оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал 22 дугаар хорооны иргэн Ч.Даваахүү хогны байцаагч нар ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэйг сануулсан бол 9 дүгээр хорооны иргэн З.Ганбаатар иргэд ухамсартай байж хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхад уриаллаа. Баянзүрх дүүрэг Нийтлэг үйлчилгээний газруудыг татан буулгаж, хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр парк шинэчлэгдэж, дүүрэг хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, хогны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх хэлсэндээ үгэндээ онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0